Хайбрид хөдөлгүүртэй машин энгийн машиныг бодвол жолоодлогын явцаас хамаарч бензин мотор нь олон дахин асаж унтардаг. Олон асаж унтрах нь хөдөлгүүрийн ачааллыг ихэсгэж бензин зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох шингэн 0W20 зэрэглэлтэй тос хийвэл зарцуулалт нь багасдаг.
Шингэн тос өөр ямар давуу талтай вэ?
Энгийн машиныг нэг газраас нөгөөд хүргэхэд ганц л удаа асаахад болдог. Харин хайбрид машин энэ хооронд олон дахин асаж унтардаг учраас моторыг найдвартай тослох шаардлагатай тулгардаг. Хэрвээ өтгөн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж амждаггүйгээс эд анги элэгдэлд ордог.
Харин шингэн тостой бол насос моторыг асах үед бүрэн тосолж элэгдлээс хамгаалдаг. Тиймээс үйлдвэрлэгчийн зааврын дагуу шингэн тос хийвэл бензин бага зарцуулаад зогсохгүй хөдөлгүүрийн насжилтыг уртасгадаг.
Нэг үгээр хайбрид моторт зориулсан тосыг тайлбарлавал
- Зууралт багатай учраас түр унтарсан бензин хөдөлгүүрийг дахин асаахад зарцуулах энерги бага. (20)
- Шингэн учраас түр унтарсан бензин хөдөлгүүрийг дахин асаахад тослох шаардлагатай хэсэгт түргэн очиж чадна. (0w)
Тосны стандарт тогтоодог API болон ILSAC байгууллагууд 2010.10.01-нд суудлын автомашины хөдөлгүүрийн тосны 3 өөр төрлийн ахисан зэрэглэлийг танилцуулсан.
Үүнд:
- ILSAC GF-4 зэрэглэл нь → GF-5 болж
- API SM зэрэглэл нь → SN ба SN RC гэж сайжирчээ..
Суудлын автомашин болон Бага оврын ачааны машины хөдөлгүүрийн тосны үзүүлэлтийг доорх 3 шаардлагыг хэр хангаж байгаагаар нь харьцуулдаг. Үүнд:
- Шатахуунд хэмнэлттэй байдал
- Утаа ялгаралт бага байх чанар
- Хөдөлгүүрийн тосны насжилт буюу ашиглалтын жигд ажиллагаа.
Тэгвэл API SN RC зэрэглэлийн гол ялгаа нь шатахуун бага зарцуулах буюу бензинд хэмнэлттэй гэдгээрээ давуу бөгөөд энгийн SN -ээс илүү нэмэлт бодис агуулсан гэж ойлгож болно.
- RC нь Resource Conserving буюу эрчим хүчийг хэмнэх, хадгалах гэдэг утга агуулна.
API SM-ийн дараагийн зэрэглэл болж гарч ирсэн дан API SN нь өндөр температурт хөдөлгүүрийн поршенг хамгаалах, тослох чанар, битүүмж хангах чанараараа илүү сайжирсан бол API SN RC (Resource Conserving) зэрэглэл нь шатахуун зарцуулалтыг бууруулах, хөдөлгүүрийг илүү сайн хамгаалах, утаа ялгаралтыг бууруулах, хөдөлгүүрийн жигд ажиллагааг хангах ялангуяа этанолийн агууламжтай E85 стандартын шатахуун хэрэглэдэг хөдөлгүүрийг илүү сайн хамгаалдаг аж.